• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 103 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа.

Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр нар нээж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, найруулагч Ц.Батнайрамдал нар мэндчилгээ дэвшүүллээ.

Төв аймаг энэ жилийн баяр наадмаа ХХ зууны Монгол улсын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, бичгийн их хүмүүн нэрт зохиолч, уран үгийн сод авьяастан, орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тайж язгууртан Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна.

Тэрээр хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллагад хүчин зүтгэж, Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан төдийгүй монголын уран зохиолын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн сэхээтнүүдийн нэг юм. Д.Нацагдорж нь дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдийг орос, герман хэлнээс монгол хэлнээ орчуулан уншигчдад анхлан хүргэж, үндэсний сэтгэлгээ, уран зохиолын орон зайг тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний уран бүтээлүүд өнөөдөр ч дэлхийн олон хэлээр орчуулагдан, Монголын уран зохиолын нүүр царай болсоор байна.

Баярын хурлын үеэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын авьяаслаг уран бүтээлчид “Их хүндэтгэл” тоглолтоо толилууллаа.

Баярын хурал, Их хүндэтгэл тоглолтын дараа эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн одон медаль, салбарын болон аймгийн шагналаар шагналаа.

2026-07-07 12:21:04