• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮС ТОГТООХ ТУХАЙ" ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Зуунмод сумын ЗДТГ-аас сумын төвийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, иргэдийн оршин суугаа бүс нутгийг хамгаалах, малын бэлчээрлэлтээс үүдэх эрсдэл, зөрчлийг бууруулах зорилгоор “Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох, тухайн бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”-ыг санаачлан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар боловсруулж байна.

Энэхүү журмын хэлэлцүүгийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Зуунмод сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд журмын ерөнхий мэдээллийг Зуунмод сумын Засаг даргын орлогч Б.Баярмагнай танилцууллаа.

Уг төсөлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд сумын ногоон байгууламжийн талбай, иргэдийн оршин суугаа суурьшлын бүс, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудыг хамруулахаар тусгажээ.

Мөн хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, учирсан хохирол, зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, малчин болон мал бүхий иргэд, хуулийн этгээдийн мөрдөх үүргийг тодорхой болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Уг журам батлагдсанаар хотын ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийн ая тухтай, хоггүй, цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2026-06-05 00:00:42