• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ӨВ, ӨЛГИЙ - 3000” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Монголын эртний нүүдэлчдийн өв соёлыг олон нийтэд таниулах зорилготой “ӨВ, ӨЛГИЙ-3000” тусгай үзэсгэлэн аймгийн музейд өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна.

Үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын үүсэл хөгжил, судалгааны түүх, онцлог дурсгалуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танилцуулж, оршуулгын зан үйлтэй холбоотой хүн чулуун хөшөө, хавтан болон хашлага чулуун дээрх сийлбэр дүрслэлүүдийг сэргээн хуулбарлан дэлгэн үзүүлжээ.

Мөн Монголын археологичдын судалгаанд тулгуурлан Хүннүгийн өвөг дээдэс нь Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид байж болох тухай үзэл, баримтыг олон нийтэд танилцуулж буйгаараа ач холбогдолтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хот орчмын Гачууртын ам, Их тэнгэрийн ам дахь хадны зосон зургийг орчин үеийн техник, технологийн аргаар сэргээн судалсан үр дүнг танилцуулж, 3000 жилийн өмнөх дүрслэлийг шинэ өнцгөөс харах боломжийг бүрдүүлжээ.

2026-05-03 23:48:52