• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ШИЖИР-АЛТ" ЦЭЦЭРЛЭГИЙН 8 БҮЛЭГТ 256 ХҮҮХЭД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Туваан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Амгаланбаяр нар Заамар сумын Хайлааст багийн “Шижир-алт” цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

“Шижир-алт” цэцэрлэг нь 1996 онд 16 багш, ажилтантай, 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Түүнээс хойш 2012-2013 оны хичээлийн жилд цэцэрлэгийнхээ байрыг өргөтгөж 6 бүлэгт 210 хүүхэд, явуулын багшийн сургалтаар 45, нийт 255 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 240 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орж өнөөдрийн байдлаар үндсэн 8 бүлэгт 240, хувилбарт сургалтаар 16, нийт 256 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, хамран сургалт 96.4 хувь, 5 настай хүүхдийн хамрагдалт 100 хувьтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдийнхээ сурч хөгжих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хүрэлцээг нэмэгдүүлэх, өдөр тутамдаа амин дэмтэй хоол хүнс өгөх, хүүхдүүдээ тасралтгүй хөгжүүлэх олон үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулдаг аж. 

Мөн багш, ажилчид өөрсдийнхөө нөөц боломж дээр тулгуурлан анги танхимаа тохижуулж, сургалтын хэрэглэхүүнээ хийхээс гадна урлаг, спортын үйл ажиллагаануудаар дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд шинэлэг санал санаачилга гарган ажиллаж байгаа нь тэдний соёл, үнэт зүйл гэлтэй. 

УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагууд цэцэрлэгт нь ажиллах үеэр эрхлэгч, багш нарын зүгээс сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай, сүүлийн үеийн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжтэй болох саналаа уламжилсан бөгөөд удирдлагууд шийдвэрлэх боломжийг судалж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

2026-05-01 04:06:17