• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. Энэ өдөр бүжгийн урлагийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, бүжигчид, бүжгийн байгууллагуудыг урамшуулах, цаашлаад улс үндэстний хил, соёлын ялгааг үл харгалзан бүжгээр дамжуулан хүмүүст эв нэгдлийг мэдрүүлэх зорилгоор улс орон бүр өөр өөрийн онцлогтойгоор зохион байгуулсаар иржээ.

Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Монгол туургатан театр”, Зуунмод сумын Соёлын төв, Бүжгийн студи, дугуйлангууд хамтран Мөнх-Алдарын талбайд баярын жагсаал, бүжгийн тоглолт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид, бүжиг ангийнхан, ахмад бүжигчдийн төлөөлөл, бүжгийн дугуйлан, студийн сурагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо. Энэ үеэр салбартаа манлайлж байгаа зарим уран бүтээлчдийг аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Дашрамд дурдахад “Монгол туургатан театр”-ын бүжгийн багш, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан М.Батчимэг “Биелэхүйн дэг” уран бүтээлийн тоглолтоо энэ өдөр үзэгч түмнээ өргөн барих гэж байна.

2026-04-30 06:28:06