• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч , 2026 онд “Хүнлэг үйлчилгээ-Хүртээмжтэй тогтолцоо-Хариуцлагатай салбар” уриа дэвшүүлжээ.

Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өнгөрсөн хугацааны ололт амжилтаа бататгаж, салбартаа тулгамдаж буй асуудлууд, иргэн төвтэй тусламж үйлчилгээг чанаржуулах, цаашдын бодлого төлөвлөгөөгөө хэлэлцэхээр цугларав.

Зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр аймгаас эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, зөвлөгөөний үр дүнд удирдлагууд маань нэгдсэн ойлголттой болж, салбарын үйл ажиллагаа бүх шатанд ахисан үзүүлэлт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Үүний дараа аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуул “Эрүүл мэндийн салбарын 2025 оны онцлог ажил, 2026 онд анхаарах асуудал” сэдвээр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Эрүүл мэндийн салбарт 2026 онд анхаарах асуудал” сэдвээр илтгэл, мэдээлэл танилцуулав.

Ерөнхийдөө өнөөдрийн зөвлөгөөнд танилцуулагдаж буй илтгэлүүд нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар болон цахим шилжилтийн бодит үр дүнд төвлөрч байгаагаараа онцлогтой байна. Мөн салбарын бүх шатанд ёс зүй, харилцаа хандлага болон иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж буй өнөөгийн байдалдаа дүгнэлт хийж, ирэх оны үйл ажиллагаагаа тодотгох юм.

2026-04-17 08:30:48