• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САРЫН АЯН–2026” ТӨВ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян–2026” албан ёсоор эхэлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн аяныг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээнд 30 гаруй байгууллагын 70 гаруй албан хаагчийг танхимаар, 27 сумын зөвлөлийн гишүүд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл нийт 200 гаруй иргэд, албан хаагчид цахимаар оролцлоо.

Нээлтийн үеэр аймгийн ХАБЭА-н зөвлөлийн зүгээс Төв аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сүүлийн 3 жилийн байдлаар үйлдвэрлэлийн ослын 92 тохиолдолд 140 хүн өртсөн, мөн аймгийн үзүүлэлт нь бусад аймгуудын дунджаас 1.6–1.7 дахин өндөр түвшинд байгааг онцоллоо.

Мөн үйлдвэрлэлийн ослын дийлэнх нь уналт, хавчигдал, цохигдол зэрэг механик эрсдэлтэй холбоотой бөгөөд нийт ослын 58.7 хувь нь хүний болон удирдлагын хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдсан юм.

Аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга нээлтийн үеэр хэлэхдээ:

“Аюулгүй байдал бол бичиг баримт биш, өдөр тутмын дадал юм. Бид зөвхөн дүрэм, заавар ярих бус, ажлын байрны аюулгүй байдлыг соёл болгох шаардлагатай” хэмээн онцоллоо.

Энэ жилийн аяны хүрээнд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах, байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангах, ажилтны сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна. ХАБЭА-н сарын аян 2026 оны 4 дүгээр сарын турш үргэлжилнэ.

2026-04-16 02:49:15