• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ХУРАЛДАВ

Хуралдаанаар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэж, 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, ХАБЭА-н сарын аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.

Хуралдааны үеэр зөвлөлийн дарга ажлын байрны аюулгүй байдал нь зөвхөн дүрэм журмын хэрэгжилт бус, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах соёлын асуудал болохыг онцолж, үйлдвэрлэлийн ослын түвшин буурахгүй байгаа нөхцөлд урьдчилан сэргийлэх тогтолцоо, хяналт, хариуцлагыг бүх түвшинд сайжруулах шаардлагатайг онцолсон.

Сүүлийн 3 жилийн байдлаар Төв аймагт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 92 тохиолдол бүртгэгдэж, 140 хүн өртсөн нь ослын түвшин аймгуудын дунджаас 1.6–1.7 дахин өндөр байгааг харуулж байна. Ослын ихэнх нь уналт, хавчигдал, цохигдол зэрэг механик эрсдэлтэй холбоотой бөгөөд нийт тохиолдлын 58.7 хувь нь хүний болон удирдлагын хүчин зүйлээс шалтгаалсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

Төв аймаг уул уурхай, үйлдвэрлэл, барилга, тээвэр, үйлчилгээ, төрийн байгууллага зэрэг олон салбарт эрсдэл тархсан онцлогтой тул салбар тус бүрт чиглэсэн, бодит эрсдэлд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага байгааг хуралдаанд оролцогчид онцлоод зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй хангах, ХАБЭА-н сарын аяны үйл ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь хүн бүрийн оролцоонд тулгуурласан хамтын хариуцлага бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх нь зөвхөн байгууллага төдийгүй ажил олгогч, ажилтан бүрийн хандлага, сахилга, оролцооноос шууд хамаарах юм.

2026-04-16 02:44:51