• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ МАТЕМАТИК-2026” ОЛИМПИАДЫН II ДАВАА ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын ивээл дор “Төв Математик-2026” олимпиадын II давааг Баянчандмань суманд зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг оролцож, оюун ухаанаа сорихоор хүрэлцэн ирсэн багш, суралцагчдад амжилт хүслээ.

Төв аймаг масс сургалтыг дэмжих бодлогын хүрээнд олимпиадын зохион байгуулалтад шинэчлэл хийж, хоёр үе шаттай болгон өргөжүүлсэн. Энэ жилийн олимпиадын I даваанд аймгийн хэмжээнд 31 сургуулийн 2–12 дугаар ангийн 648 бүлгийн 18,421 сурагч оролцсон ба эдгээрээс мэргэжлийн ур чадвар, заах арга зүйгээрээ манлайлсан 33 бүлэг, тэднийг бэлтгэсэн 33 багшийг шалгаруулж, өнөөдрийн олимпиадын II даваанд 85 хувиас дээш гүйцэтгэлтэй сурагчид оролцож байна.

“Төв математик” олимпиад нь зөвхөн шилдэг сурагчдыг тодруулах бус, нийт хүүхэд бүрийг математикт дурлуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж, цар хүрээ нь өргөжин тэлсээр байна.

Өнгөрсөн онд 722 сурагч II даваанд оролцож байсан бол энэ жил 955 сурагч, мөн 100 гаруй бага, дундын багш нар оролцож мэдлэг, ур чадвараа сорихоор хүрэлцэн ирсэн нь манай аймаг боловсролын салбарт, тэр дундаа математикийн сургалтад бодит ахиц гарч байгааг харуулж буй томоохон үзүүлэлт юм.

"ТӨВ МАТЕМАТИК-2026" ОЛИМПАДАД ОРОЛЦОГЧДОД АМЖИЛТ ХҮСЬЕ.

2026-04-06 04:24:06