• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “БУЯНТ ЦАГААН ГОО” ТББ-аас аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу насаа зориулан 40–50 жил хөдөлмөрлөж, гавьяаны амралтаа авсан эрхэм эхчүүдээ урьж, бяцхан үрсдээ ерөөл өргөх “СҮҮН ЕРӨӨЛТ ХҮНДЭТ ЭЭЖ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярбат нар оролцож ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ. “СҮҮН ЕРӨӨЛТ ХҮНДЭТ ЭЭЖ”-ээр олон 1000 эх үрсийг эсэн мэнд уулзуулж, аз жаргал бэлэглэсэн хүйн ээж Ё.Тарваа, Бяцхан үрсийн эрүүл өсч торних их үйлсэд залуу насаа зориулсан хүүхдийн эмч Ч.Чимэддаваа, Анхны гэрэлт өргөө болсон цэцэрлэгийн эрхлэгч Д.Цогзолмаа, Боловсролын байгууллагад насаараа хөдөлмөрлөж, олон шавь төрүүлсэн Л.Эрдэнэцэцэг, Н.Зина, мөн нутаг орныхоо хөгжилд шинийг санаачилж, салбар бүртээ манлайлан ажиллаж, үр хүүхдүүдээ амжилттай өсгөж хүмүүжүүлсэн П.Буянхүү, Д.Бямбасүрэн, Б.Гэрэлмаа зэрэг ээжүүд тодорч Өргөмжлөл, цом, сүүн ерөөлтэй аягаар мялааж хүндэтгэл үзүүллээ. Мөн арга хэмжээнд “ИРЭЭДҮЙН ШИНЭ МАНЛАЙЛАЛ” төсөлд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, тэдний сүүн адисыг хүртлээ.

Энэхүү арга хэмжээ нь ахмад буурлуудаа хүндэтгэх, тэдний хийж бүтээж явсан үеийн түүх туршлагыг сонсох, мөн ахмадууд нь өнөөгийн хүүхдийн бодол сэтгэхүйтэй танилцах, тэдний ертөнцийг таньж мэдэхэд оршиж халуун яриа өрнүүллээ.

2026-03-09 06:29:03