• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР БАЯН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025.07.08-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөө батлах тухай” А/86 дугаар захирамжийн хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн Баян суманд өнөөдөр /2025.09.23/ аймгийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, мал аж ахуй, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан төрийн албан хаагчидтай уулзлаа.

Баян сумын хэмжээнд 442 малчин, мал бүхий өрх бий. Энэ онд тэмээ 64, адуу 18021, үхэр 7919, хонь 85333, ямаа 40088 нийт 151425 толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 295393 мал өвөлжиж, хаваржина. Өөр аймаг, сумдын отрын бус нутагт 16 өрхийн 17418 толгой мал өвөлжиж хаваржих төлөвлөгөөтэй байгаа юм.

Сумын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг сумын Засаг даргын захирамжаар зохион байгуулж байгаа бөгөөд 1000 боодол буюу 20 тн өвс авах гэрээг Дорнод аймгийн Матад сумын иргэнтэй хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 0.7 тн хивэг, 7.5 тн өвсний нөөц бүрдүүлээд байгаа бол малчдын хувьд 195 тн хадлан, 49 тн гар тэжээл нөөцлөөд байгаа аж. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна.

Аймгийн Засаг даргын зүгээс өвлийн бэлтгэл ажлыг дутуу хангаснаас үүсэж болох эрсдэлийг тооцоолж хадлан тэжээл, өвсний нөөцийг нэмэгдүүлэх замаар өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах үүрэг чиглэлийг өгөв.

Түүнчлэн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил тэр дундаа тендер зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх, сумын төвийн худгуудыг цахим болгох, сул ажлын байрны орон тоог нөхөх, сонгон шалгаруулалт зарлах, албан хаагчдын хоолны мөнгийг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

2025-09-23 16:45:00