• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Юуны өмнө хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, цохилох зүрхтэй хүн бүхэнд Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж, Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөн түүхийн хуудсыг эргэн сөхье.

Энэ түүх Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нягт холбогддог. “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулагдаж, Пионерийн товчооны анхны даргаар залуу зохиолч Д.Нацагдорж ажиллаж, тэрээр 19-хөн настайдаа хүүхэд, багачуудыг удирдан гимнастик хийлгэх, нийтийн тоглоомоор наадах, улаан булан ажиллуулах, шинэ цагийн гадаад болон дотоод дуу, бүжиг хөгжим заах, пионерийн цагаан цамц, богино хөх өмдөөр жигдрүүлээд бүрээ, бөмбөрийн аялгуунд хөл нийлүүлэн алхах, бүхий олон багачуудаа дуулан хотын гудамжаар явах зэргээр олон нийтийн сонирхлыг татаж, хүүхэд багачуудыг эгнээндээ нэгтгэж, тэднийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх, тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж нь өнөөгийн Хүүхдийн байгууллагын эхлэл юм.

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг Төв аймагчууд энэ өдөр тэмдэглэж, хүндэтгэлийн үйл ажиллагаагаа “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын төлөөлөл, Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын удирдлага, ажилтан, албан хаагчид, Төв аймгийн хүүхдийн байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид оролцлоо.

Төв аймгийн Хүүхдийн байгууллагын хөгжил 1996 онд үүсэж байв. Аймгийн Засаг даргын 1996 оны захирамжаар аймгийн ЗДТГазрын дэргэд 2 орон тоотойгоор байгуулагдаж байсан “Хүүхдийн төлөө төв” нь одоогийн Хүүхдийн байгууллагын /Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар/ үндэс суурь юм. Хүүхдийн байгууллага нь өдгөө орон нутагт гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, хяналт тавих, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн боловсрол олгох ажлыг олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулж, 60 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2025-09-19 13:04:00