• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮНСНИЙ ЦАГААН ГЭГДЭХ БАЙРУУДЫН ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Зуунмод хотын хүнсний цагаан гэгдэх байруудад 36 өрх амьдардаг бүртгэлтэй, үүнээс 30 гаруй айл одоо амьдарч байна. Уг байрууд цэвэр бохир шугамын холболтгүй учир 00 бохирын асуудал, үүнийг дагаад орчны бохирдол яригдсаар олон жил болсон. Гаднах нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 07 сард шинэчлэн засварлаж ашиглалтад оруулсан. Гэвч бүтэн цагаар ажилладаггүй учир оршин суугчдад хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн гомдол тасардаггүй.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар болон холбогдох албаны удирдлага мэргэжилтнүүд дээрх асуудлын дагуу газар дээр нь очиж оршин суугчидтай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Нийтийн ариун цэврийн байгууламжийн угаалтуур, 00-ын суултууруудыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай төсвийг өнөөдрийн дотор бодож танилцуулах, энэ 7 хоногтоо багтаан бүрэн ажиллагаатай болгож, үйл ажиллагааг 24 цагаар болгохоор ярилцаж шийдвэрлэлээ.

Уулзалтын үеэр Засаг дарга оршин суугчдад хандаж нийтийн гэгдэх эд зүйлсдээ гамтай, цэвэрч байх, орчны хог хаягдалгүй суух зэргийг захиж, амьдарч буй орчиндоо өөриймсөг байхыг захилаа.

Мөн тус байрнуудын дунд дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа 12 давхар орон сууцны барилгын үйл явцтай танилцсан юм. Байраа түргэн шуурхай барьж байгаад удирдлагууд талархаж, орон сууц ашиглалтад ороход аймгийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлуудад анхаарлаа хандуулахаа илэрхийлсэн ба харин чанар стандартын дагуу барих, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг хангасан байр ашиглалтад оруулахыг барилгын компанид хэллээ.

2025-08-12 19:31:04