• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР-Т ТӨВ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

2025 оны 08 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод болсон “Олон улсын хүүхэд залуучууд, сурагч солилцооны хөтөлбөр”-т Төв аймгийн сурагчид, хүүхэд залуучууд амжилттай оролцоод ирлээ.

Тус хөтөлбөрт Төв аймаг, Улаанбаатар хот, БНХАУ, ОХУ, ОХУ-ын Пермь хот, БНСУ, Япон зэрэг орны 100 орчим хүүхэд, залуучууд хамрагдаж өөрсдийн орны соёл, зан заншил, дуу хөгжим, спортын үйл ажиллагаагаар дамжуулан хоорондоо нөхөрлөж, хүрээллээ тэлсэн юм.

Хөтөлбөрийн эхний өдөр Хөх хотын Үндэстний Их сургуулийн харьяа дунд сургуультай танилцаж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Жоу Жин тэргүүтэй албаны бүрэлдэхүүн оролцож, хүүхэд залуучуудыг үйл ажиллагаандаа амжилттай оролцож, Хөх хотоор дурсамж дүүрэн аялахыг хүссэн юм. Үүний дараа Хөх хотын Үндэстний Их сургуулийн харьяа дунд сургуулийн хичээлийн байр танхим, сургалтын орчин, хичээлийн хэрэглэгдэхүүнтэй танилцаж, “Модон эдлэлийн танхим”-ын багшийн удирдлага, зааварчилгаан дор аяны сандал урласан нь хүүхэд, залуучуудын сонирхлыг татаж байв. Үүний дараа Хөх хотын соёлын өв, үзэсгэлэнгийн их танхимтай танилцаж, тус улсын түүх соёлыг харуулсан сонирхолтой жүжиг үзэж сонирхсонор эхний өдрийн аялал, үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Хоёр дахь өдөр “Монь уул” биет бус соёлын өвийн газартай зочилж морин хуур хөгжим, гар урлал, ширэн урлалын музейн үзмэртэй танилцлаа. Энэ өдөр сурагч хүүхдүүд маань тусгайлан бэлтгэсэн арьсан ширэм дээр өөрсдийн сонирхсон хэлбэр дүрс бүхий дардасыг дарж, будганд оруулж, өнгийг нь сэргээх техник ажиллагааг сурсан бөгөөд үүнийгээ аялалын дурсамж болгон өөртөө хадгалан үлдээлээ.

Үүний дараа Дэлхийн топ 5 үйлдвэрийн нэг, Азийн сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том гэгдэх “И Ли” сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг үйлдвэрийг үзэж сонирхсоноор сүүг саахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх шат дамжлага, дарааллыг харж болохуйц шийдэлтэй байсан нь хүүхэд залуучууд, зочдын анхаарлыг татаж байв. Тус үйлдвэр үнээний сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн зэрэг сүүгээр хийж болох юу л байна бүгдийг хийдэг бөгөөд борлуулалтын маш өргөн сүлжээг хамруулан олон улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Манай улсын томоохон сүлжээ дэлгүүрүүдээс тус үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг авах боломжтой гэдгийг онцолж байсан юм.

Хоёр дахь өдрийн үдээс хойш Хөх хотын спорт зааланд цагийг өнгөрөөлөө. Энд орон орны хүүхдүүдтэй нэг баг болон хуваагдаж, боулинг, ширээний теннисны спортоор өрсөлдөн, нөхөрсөн тоглолт хийв. Манай хүүхдүүдийн хувьд боулинг тоглож үзэх хүсэл нь энэ өдөр биелсэн юм.

Хөтөлбөрийн удирдамжийн дагуу гурав дахь өдрөө Шар мөрөн сумыг зорилоо. Том том уулын доогуурх нүхэн гарц, нов ногоон ой модоор бүрхэгдсэн газраар зорчсоор бид Шар мөрөн суманд ирлээ. Энд хүүхдүүд маань Өвөр Монголын мал аж ахуй, Өвөр монгол хийцтэй гэр, цай зэрэг тус газрын уламжлалт соёлуудтай танилцаж, “Хөгжил” талбайд зохион байгуулсан өртөөчилсөн спортын тэмцээнд өөрсдийн хурд хүч, ур чадвараа сорин орон орны хүүхдүүдтэй, олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж, амжилттай оролцлоо. Шар мөрөн суманд өнгөрүүлсэн нэг хоногийн хамгийн дурсамжтай хэсэг бол Хөгжил талбайн “Галын наадам”, солют буудуулах агшнууд байв. Том тулганд бадамласан галаа тойрон таван орноос ирсэн хүүхэд, залуучууд дуулж, бүжиглэн, өөр өөрийн орны соёл, уламжлалыг шингээсэн мэндчилгээгээр бэлэг барьсан нь сонирхолтой хийгээд мартагдашгүй дурсамж үлдээсэн юм.

Сүүлийн өдөр Өвөр Монголын байгалийн музейг үзэж сонирхлоо. Энд таван хошуу мал, бүх төрлийн араатан, жигүүртэн, өчүүхэн жижиг шавжнаас эхлүүлээд арслан заан, цэрдийн үеийн аварга динозаврууд, гоёлын болон үнэт чулуунууд, ашигт малтмалууд, аж үйлдвэрийг харуулсан макет үзвэрүүд, уурхайн гүн, өв соёлын хэлхээс гээд бүхнийг багтаажээ. Үүний дараа Өвөр Монголын урлагийн театрт зочилж, уртын дуу, морин хуураар эхлүүлсэн тоглолт үзэж сонирхов. Төв аймаг, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн хүүхэд, залуус багш нарын хамт тайзнаа гарч морин хуур, баян хуурын аялгуунд “Халуун элгэн нутаг” дуугаа дуулсан нь бидний аялалын хамгийн оргил үе нь байв.

Элэгсэг дотно Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод хийсэн аялалын тухай товчхон сийрүүллээ. Хаалтын үйл ажиллагаа нөхөрлөлийн хүрээгээ тэлсэн, бие биетэйгээ хууч хөөрсөн, цахим хаяг, бэлэг дурсгалаа солилцсон, эргээд уулзахын ерөөл өргөсөн инээд хөөр, дуу хуур, бүжиг наадамтай халуун дотно уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөснөөр бид нутаг буцсан юм.

2025-08-08 07:02:04