• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЛДАРТАН, ГАВЬЯАТНУУДЫН ӨЛГИЙ ТӨВ САЙХАН НУТГААС МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 3, АРДЫН ЖҮЖИГЧИН 2, ГАВЬЯАТУУД БОЛОН СҮХБААТАРЫН ОДОНТ ЭРХМҮҮД ТӨРӨН ГАРЛАА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Ардын жүжигчин Аюурзанын Долгор, Төв аймгийн Баянцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Монголчехметалл” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бичээрэйн Далай нарыг “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Чойнхорын Найдандорж нарыг “МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН” цолоор, Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн, Төв аймгийн Баян сумын уугуул Дандарын Гонгорыг “Сүхбаатарын одон”-оор тус тус шагналаа.

Богд Хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагчдын нэг, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Гончигжалцангийн Бадамдорж, ХХ зууны монголын шашин улс төрийн зүтгэлтэн хамба номун хан Б.Пунцаг, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Чин ван Гадинбалын Чагдаржав, Монгол Улсын баатар, Хурандаа генерал Бутачийн Цог, Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдан, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тайз дэлгэцийн нэрт жүжигчин Гомбожавын Гомбосүрэн, Монгол Улсын Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат тэргүүтэй төр нийгэм, урлаг соёл, спортын олон зуун алдартнуудын залгамж халаа болж Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхэм та бүхэндээ баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025-07-08 06:23:38