• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НОГООН СЭРГЭЛТ-НОГООН ТӨВ АЙМАГ” САРЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Монгол улс дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг болоод байна. Манай улсын ойн сан нийт газар нутгийн 7.9 хувь эзэлдэг ба 2030 он хүртэл тэрбум мод тарьснаар ойн санг 1 хувиар өсгөж 9 хувьд хүрч нэмэгдэх тооцоолол гарчээ.
Өнөөдөр /2025.05.15/ Төв аймагчууд “Ногоон сэргэлт-Ногоон Төв аймаг” сарын аяны нээлтээ зохион байгуулж, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарих, арчилж ургуулах аянд нэгдэхийг уриаллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр, Байгаль орчны газрын дарга Ж.Даш-Яйчил болон 27 сумын Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.  
Ганган ногоон мододтой, цэвэр агаартай, цэцэг навч алагласан цэвэрхэн хотод амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 6г ангийн сурагчид болон Хүмүүн цэцэрлэгийн Янзага бүлгийн бяцхан хүүхдүүд "Бид мод тарьж байна" дуугаар мэндчилгээ дэвшүүлэв. 
Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд: “Аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлт, ногоон сэргэлт та биднээс шалтгаалах тул өөрсдийн нөөц боломжийг бүрэн ашиглаж “Ногоон Төв аймаг” болохын тулд “Өрх бүр хашаандаа 5 мод тарья”, "Нэг иргэн- нэг мод" тарихыг уриалсан юм. 
Харин аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: Тарьсан мод, бутаа ургуулах тал дээр хүн бүхэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр анхаарч, эзэнжүүлж, арчлалт, хамгаалалтыг тогтмол хийх шаардлагатай байгаа талаар онцлоод мод, бут, сөөгний суулгацыг хаа хол аймаг, хотоос зөөх биш аймаг ,орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн газар, энэ төрлийн бизнес эрхэлдэг иргэдээ дэмжихийг уриаллаа. 
Төв аймгийн хувьд ойн сангийн нийт талбай нь газар нутгийн 18.7 хувийг эзэлдэг. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төв аймаг 20 сая мод тарих амлалт өгсөн ба өнөөдрийн байдлаар 4,5 сая мод, бут сөөг тарьж ургуулаад байна. 
Дашрамд сонирхуулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэгдсэнээс Төв аймагт 76 иргэн, албан хаагчид сургагч багшаар бэлтгэгдэн “Гэрчилгээ”-гээ гардан авсан байна. Эдгээр сургагч багш нар иргэд, олон нийтэд мод тарих, арчлан хамгаалах чиглэлээр мэдээлэл өгөх, арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй аж.
2025-05-16 15:35:17